Р. Дуйнхоржав зураачийн фото зургийг олсон нь:
Зураачийн тухай хүүрнэл
Уран зураг сонирхож, дүрслэх урлагийн контент хийж яваа миний хувьд “Тэнгэрийн зураас” баримтат киног бүтээж байх үед Ш.Чимэддорж (МУАЗ) ах “Алдартай зураачид байсан даа” хэмээгээд Р. Дуйнхоржав гэдэг нэрийг хэлсэн. Баримтат киноны ажил болохоор нь зураг хөргийг нь олж ашиглах санаатай интернэтээр нэлээд хайсан ч бараг юм олдсонгүй. Нэр нь яригддаг атлаа дүр төрх, баримт нь олдохгүй байх нь бүр ч сонирхол татаж байлаа.
Тэгээд Д.Бадам (МУЭНШЗ) эгчээс сураг асуухад нэгэн хуучны, хар цагаан өнгөтэй каталог гаргаж өгсөн юм. Тэндээс Р. Дуйнхоржав зураачийн зургийг ашиглаж кинондоо шигтгэн оруулж чадсан.
Түүнийг салбарынхан дотроо агуу зураач хэмээн чимээгүйхэн хүндэтгэн ярьдаг. Ил тод яригдахаасаа илүү бүтээлээрээ танигдсан, гүн дотоод ертөнцтэй уран бүтээлч байсан болов уу гэж бодогддог. Чимээгүй гүн, өнгөний нарийн мэдрэмж, бүтээл бүрт шингэсэн уур амьсгал нь жинхэнэ зураачийн хэмжүүрийг илтгэх мэт.
Өнөө бидний үед ил байгаа цөөн хэдэн уран зургуудыг нь харахад “энэ хүн өөрийгөө биш, цаг үеэ, дотоод ертөнцөө зуржээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Магадгүй тиймээс л Раднаагийн Дуйнхоржав гэдэг нэр уран зургийн хүрээнд дуугүйхэн, гэхдээ баттайгаар мөнхөрсөн байх.
Өнөөдөр түүний тухай энэ бичвэрийг олж, олон нийтэд дахин хүргэж байна. Нэр нь мартагдаагүй, харин чимээгүйхэн хадгалагдаж ирснийг сануулах шиг.
РАДНААГИЙН ДУЙНХОРЖАВ
Зураач Р. Дуйнхоржав 1953 онд Булган аймгийн Сайхан сумын Угалзын гол хэмээх газар төржээ.
1968 - 1972 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн ангийг төгсөж Улаанбаатар хот дахь урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажиллав. Энэ үед аж байдлын сэдвийг сонирхон «Улаач Сухбаатар», «Барилгачин» бүтээлүүдийг хийж байлаа.
1973—1979 онд Ленинград хотын И. Е. Реппиний нэрэмжит уран барилга, уран зураг, уран баримлын дээд сургуулийн профессор А. Д. Зайцевын удирдлага дор суралцаж «Адуучин» бүтээлээр диплом хамгаалсан байна. 1979 оноос Монументаль чимэглэлийн үйлдвэрт зураачаар ажиллаж байсан.
Хөдөө нутгийн байгаль гоо үзэсгэлэн, хүн ардын хөдөлмөрч зан чанар Р.Дуйнхоржавын уран бүтээлийн гол сэдэв билээ. Тэрээр монгол зургийн баялаг өв, орчин, зураг арга барилаас байнга суралцаж, уран бүтээлдээ чадварлаг ашигладаг бөгөөд байгалийг үргэлж сүрлэг, жавхаатай, өнгө нь эрс тэс хослолтой зурдаг нь дүрслэлд нь гүн утга, нягт байдал өгдөг юм. «Илчлэлтийн эзэн», «Эцэг», «Гүүн зэлэн дээр» бүтээлүүд нь өргөн сэдэв, дүрслэлийн уян хатан байдлаараа уран сэтгэмжээр баяжуулан илэрхийлсэн байна.
Р. Дуйнхоржавын уран бүтээлийн бас нэг онцлог бол монгол мориний хүч чадлыг бахдан харуулах явдал юм. Түүний түүх, хувьсгал, аж байдлын сэдэвтэй аль ч бүтээлд адуу дүрслэгддэг бөгөөд адуучин шөрмөс нь зангируулж, эрч чадал дүүрэн хурдан хүлэг морьдын эрчмийн хөдөлгөөн зураачийн эр зориг, зоримог хэмнэлийг гайхуулж байдаг.
Зураачийн сонирхолыг монголын олон үндэстэн ястны ёс заншил, тоглоом наадам ихэд татдаг юм. Энэ сэдвээр хийж байгаа бүтээлүүд монгол хүний моринд гаршсан шинжийг гайхалтай дуулсан байхын хамт сэдэв агуулгаас хамаарч зохиомжууд нь том хэмжээтэй байдаг.
Үндэсний хэлбэртэй, орчин үеийн агуулгаар баяжсан, гэхдээ өөрийн гэсэн арга барилтай Р.Дуйнхоржавын бүтээлүүд зөвхөн манай орны төдийгүй хилийн чанадын үзэгчдэд хзээний танил билээ.
(Энд тэндээс хайж олдсон, одоогоор бидэнд ил байгаа цөөн хэдэн уран бүтээлийг чанар төдийлөн сайнгүй байдлаар нийтэлж байна.)
Монголын Уран Зургийн Галерей сан хөмрөгт хадаглагдаж буй хоёр зураг.
"State" 1994 Oil on Canvas 120x145
"Catch me" 1987 Oil on canvas 165x200
"Домог" зотон тос 85x70
Раднаагийн Дуйнхоржавын тухай мэдээлэл, өнөөдөр бүрэн хадгалагдаж үлдээгүй ч, олдсон цөөн баримтаас түүний уран бүтээлийн ертөнцийн нэг хэсгийг л харж байна. Зүгээр л нэр нь яригддаг атлаа мэдээлэл нь хомс нэгэн зураачийн тухай олдсон баримтыг нэг дор тэмдэглэн үлдээхийг хүссэн юм. Хожим хэн нэгэн дахин сонирхвол, энэ бичвэр түүний уран бүтээлийг санах, хайж үзэх нэгэн жижиг эх сурвалж болох болов уу гэсэн бодлоор энд үлдээлээ.








Comments
Post a Comment