“Намрын синдром” кино шүүмж
Уран бүтээлийн “ТВ коктейл” хамтлаг нь “Намрын синдром” хэмээх инээдмийн уран сайхны кино бүтээжээ. Киноны гол дүрд Жүжигчин Өнөржаргал-Сэргэлэнд, Цолмонбаяр-Баярхүү буюу Энхрийхэнд, Цэнд-Аюуш- Ариунаад тоглосон байна. Тус кино нь эхэлмэгцээ хүмүүсийг хөнгөн инээдээр инээлгэх бөгөөд дуусах хүртлээ инээлгэсээр байгаад л төгсөнө. Инээдмийн жанрын кино гэдэг утгаараа үзэгчдийг инээлгэж, стрессийг нь тайлж байгаа нь сайшаалтай бөгөөд дуу, дүрс , дүрийн оноолт зэрэг нь маш оновчтой болсон байна. Тухайлбал, жүжигчин Оюундарийн дүр хэсэгхэн хугацаанд гарч өнгөрөх ч гэсэн Аюушийн эгчинй дүрийг чадамгай басхүү хөгжилтэй бүтээжээ. Мөн кинонд гарч буй туслах дүр болох Цэнгэлмаа, Ариунаагийн найз залуу Баяраагийн дүр нь кино бүрт байдаг чимэг дүр болсон байна. Цэнгэлмаагийн Сэргэлэнг цочоохоор гэтэж байгаа хэсэг, төрсөн өдөр дээрээ Сэргэлэнгийн байрны талаар хэлдэг хэсэг мөн тэдний гэрт очдог зэрэг бүх л хэсэгт сайхан дүр болжээ. Харин баяраагийн хувьд анх Сэргэлэн, Энхрийхэн хоёртой танилцдаг хэсэгт тэднийхээс гарах үедээ гутлаа барин сандарч байгаа, хүлээн авалт зэрэг дээр гарч байгаа нь их үнэмшилтэй дүрээ гаргасан байна.
Гол дүрийн жүжигчдийн хувьд Ариунаа буюу жүжигчин Аюуш “Сайн уу амьдрал минь” кинонд гардаг шиг нэгэн хэвийн жүжиглэлт гаргажээ. Нүүрний хувирал, сэтгэлийн хөдөлгөөн байхгүй хиймэл биш ч үлбэгэр жүжиглэлтийг киноны турш харж болно. Бусад бүтээсэн дүрүүдтэйгээ адил жүжиглэлт гаргасан ч тэкст уншиж байгаа юм шиг тоглоогүй нь авууштай тал юм. Мэдээж хэрэг инээдмийн уран сайхны кино гэдэг утгаараа автобусанд гараа гавлах, сэрэл хөдөлгөдөг хэсэг зэрэг нь хэтрүүлэгтэй ч яг оноож оруулж өгчээ.
Киноны ерөнхий утга агуулга нь хоёр оюутан залуу оюутны байрнаасаа хөөгдөөд байр хөлслөхөөр хайж байхдаа хоёр оюутан, тэр дундаа эрэгтэй хүнд байр хөлслүүлэхгүй ээ гэдийг ойлгон хамгийн сүүлийн найдвар болсон айлдаа ямар ч аргаар хамаагүй үлдэхээр шийдэж өөрсдийгөө ижил хүйстэн хэмээн хэлдэг. Ингээд л худлаа ярьсан хэвээр жүжиглэж, түүнийгээ засахаар бүр хүнд байдалд орж эцсийн эцэст буруу аргаар эхлэсэн зүйл буруутаж төгсдөг. Гэсэн ч хүн өөрөө алдаагаа ойлгон залруулахыг хичээвэл бүх зүйл эргээд хуучин хэвэндээ орж сайхан болдог гэдгийг гаргажээ. Мөн сүүлийн үеийн кино бүтээгчид хуучны олны хүндэтгэлийг хүлээсэн жүжигчдийг кинондоо тоглуулах болсон тэр хандлагийг эвдэж ганцхан Мягмарнаран гуайг л Сэргэлэнгийн аавд тоглуулсан нь дэвшилтэт тал болжээ.
“Намрын синдром” киноны нэрийг сонсоод намар үйл явдал нь өрнөх юм шиг төсөөлөл төрөх ч киноны үйл явдал намар биш зун болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа нь учир зүйн алдаа гаргаж байна. Өөр нэг дутагдалтай тал нь сүүлийн үед хошин шогийн продакшнуудын кинон дээрээ гаргаж хүмүүсийн инээдийг төрүүлэх гэж ядах болсон ижилхүйстэн залуугийн дүрийг байр хайж явахдаа таарч байгаа хөлслүүлэгч залуугийн дүрээр харуулсан явдал юм. Энэ нь нийгэмд эдгээр хүмүүсийг гоочилж, шоолох хандлагыг бий болгож байгаа хэрэг.
Юутай ч үзэгчид өөрт хуримтлагдсан стресс ядаргаанаасаа жаахан ч болов гарч, инээхийг хүсвэл нийгмийн хүнд хэцүү талыг харуулаагүй “Намрын синдром” киног үзэхэд тохиромжтой.
No comments:
Post a Comment