4/23/12

Д. Хатанбаатар “Ээждээ очоорой”


    Шинэ хорооллын 26-р байшингийн дэргэдүүд өнгөрөх болгонд сэтгэл минь дандаа эмзэглэдэг. Энэ л байшингийн 11 давхарт ижий минь айлын хажууд амьдардаг байсан юм.
     Хааяа нэг зав гаргаад очиход их л баяртай алгын чинээхэн өрөөнд аль дээр үеийн авсан жижигхэн ширээний 2 талд суучихаад уураг улаан цайгаа ууж, гангар гунгар хийж 2 биенээ баясгадаг сан. Очих болгонд чихэр өгнө. Явах болохоор өвөрт хийнэ.
     За би ямар хүүхэд биш гэхээр хүүхэд биш гэнэ шүү гэж өхөөрдөнө. Ээж нь өнөөдөр өөдтэй цай хоол, ундтай ч байсангүй. Миний охин маргааш гүйгээд ирээрэй гэнэ. Маргааш нь би завгүй болчихно. Чухам яагаад завгүй болчихдог байснаа бодоод бодоод олдоггүй юм.
     Зав гаргаад очвол цахилгаан шат нь ажиллахгүй байж таарвал яршигтай юм гэж буурал ээжийгээ буруутгана. Хэдхэн мөч хүлээхээсээ залхуурна.
     Өнөөдөр муу ижий дээрээ очдог юм уу. За өнөөдөр заавал очих албатай ч биш. Маргааш больё доо.
    Ийм өдөр мөн ч олон тохиолддог байсан. Ингэж л би өндөр байшингийн дэргэдүүр ирээдүй рүү явдаг зогсоол алгасдаг буухиа тэрэг шиг өнгөрдөг байсан. Тэр болгонд хөөрхий миний муу ижий гараа гаргаж хийсэн цай хоолыг дахин дахин халааж хүний хөлийн чимээ чагнаж хэзээ намайг ороод ирэх болдоо гэж хаалга руугаа байн байн харан суусан байхдаа гэж бодохоор зүрх минь шимширдэг юм.
    11 давхарын шатаар ганцхан амьсгаагаар гүйн гарсан намрын тэр түнэр харанхуй  шөнийг би мартдаггүй юм. Яаж ч мартах билээ дээ. Шөнө дунд ирж намайг сэрээсэн тэр хүн тэр гуравхан үгийг ямар их түгшүүртэй хэлсэн гэж сананаа. Тэгтэл би 11 давхарын шатаар харвасан сум шиг гарсан юм.
        Харамсалтай нь би үүрд хожимдсон байсан юм. Үүрд гээд боддоо. 11 давхарын шатаар гарах тэнгэр минь даанч амархан байсан шүү. Ижий чинь холын оддын оронд байна. ирж уулз гэж хэлүүлжээ гэвэл би өнөөдөр одоо ч гэсэн холын ододын аянд зориход бэлэн байна. гэвч бууралхан ижий минь тэнд байхгүй шүү дээ. Ижийнхээ ач элбэрэлийг цагт нь ухаарах минь яалаа даа. Би ижийгээ яах гэж тэгэж гомдоож байваа. Би ижийгээ яах гэж тэгэж ганцаардуулдаг байваа. Би ижийдээ яах гэж тэгэж хатуу үг хэлж байваа. Хүний ижийд маргааш гэж байдаггүй юм байна лээ. Харин бид нарт маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргааш ч байдаг юм. Ижийнхээ ач элбэрлийг цагт нь ухаараагүй үрийн тоо надаар дуусах болтугай. Буян заяагаа наддаа л гэж үлдээсэн миний бууралхан ижий минь тэнэгхэн хүү намайгаа өршөөж хайрлаарай.
Хүү чинь танаас хойш хайраар дутаж явна шүү.