11/29/11

Кино зураглаач


Зураглаач
      Кино урлагийн түүхэн хөгжлийн явцад бий болсон кино зураглаач нь цаашлаад бүр мэргэжил болтлоо хөгжиж уран сайхны кино зураглаач, баримтад киноны зураглаач, телевизийн зураглаач гэх мэт болсон байна. Энэ ангилал нь тухайн ажлын онцлогоос шалтгаалан гарч ирсэн билээ. Анхны киночид театрын үзэгчийн цэгээс тухайлбал суудлын эхний эгнээнүүдийн дундаас ямар ч хөдөлгөөнгүй зурагласан байдаг. Аажимдаа олон талаас нь зураглаж, бас удалгүй хол ойроос зураглаж болохыг нээжээ.
     Түүхэн хөгжлийн явцад зураглаачийн уран чадвар улам бүр баяжиж олон зураг авах аргууд бий болж бүгдийг гайхшруулсаар байна. “ Зураглаач гэдэг нь техник технологийн тусламжтайгаар дэлгэцийн дүрийн дүрслэлийг бүтээдэг хүн юм” Техник технологийн хөгжил зураглаачийн уран чадвартай салшгүй холбоотой билээ.
     Зураглаач болох хүн үндэс сууриа фото зургаар тавьдаг бөгөөд үүнээс хамаарч зураглаачийн уран чадварын суурь тавигддаг байна. Фото зургийн нууцад нэвтэрч түүний урлан бүтээх үйл ажиллагааг мэдэж  хүний сэтгэлийг хөдөлгөх хэрэгтэй.  Учир нь фото зургийн нэг дөрвөжинг кадр гэх бөгөөд олон кадр  /1 секундэд 24кадр/  нийлж план болно. Олон план  нийлж үйлдэл бүрийг тасралтгүй зурагладаг байна. Планыг монгол хэлэнд дүрс гэж ойлгоно.
     Зураглаачийн зураг авч  байгаа камерийн хальсанд буугдсан дүрсээр тухайн ажлын үр дүн тодорхойлогддог учраас нэлээн хариуцлагатай мэргэжил бөгөөд олон талын мэдлэгийг шаарддаг.
     Дэлгэцэнд гарч буй киноны дүрслэл нь үзэгчдэд бодит эд зүйлс үйл явдлын дунд байгаа юм шиг дүрслэлийг үзүүлдэг.
     Киноны дүрслэлийн бүх аргууд нь хүмүүсийн амьдрал ба байгаль орчныг аль болох бодитоор урлагийн бүтээл болгон илэрхийлэх нөхцөл боломжийг бүрдүүлдэг.
  
Үндсэн техник

Зураглаачийн гол зэвсэг бол видео камер юмаа. Та видео камерийг өөрийн гар хөл шигээ чөлөөтэй эзэмшсэн цагт чанартай сайн уран бүтээл гарна.
Кино телевизийн зураглаач нь өөрийн гэсэн  уран бүтээлийн арга барилтай байдаг бөгөөд хэд хэдэн үндсэн зураг авалтын техникийг мэдсэн байх шаардлагатай байдаг. Үүнд:
Алсын дүрс: Хүний орчинтой нь, үйл явдлын дунд харуулсан алсын дүрс. Алсын дүрс үйл явдлын талаарх ерөнхий төсөөлөл бий болгодог.
Ерөнхий  дүрс: Хүний эргэн тойрны орчинтой нь үзүүлсэн ерөнхий дүрс юм.
Дунд ерөнхий дүрс: Хүний  бүтнээр нь, гэхдээ дээр, доороосоо бага зэрэг зай авч үзүүлсэн дунд дүрс
Дунд дүрс: Хүний өвдөг хүртэл нь үзүүлсэн дүрс эсвэл бүсэлхий хүртэл үзүүлсэн дүрс
Дунд том дүрс: Хүний цээжийг оролцуулан үзүүлдэг том дүрс
Том дүрс: Хүний толгой, мөрийг үзүүлдэг томруун дүрс
Хэт том дүрс: Хүний нүүрийг тодруулан үзүүлдэг томруун дүрс
Онцгой том дүрс: Хүний нүд гар, хуруу  гэх мэтийг тодотгож, үзүүлдэг томруун дүрс
Камерын хөдөлгөөн: (энэ нь техник технологи хөгжихийн хирээр маш нарийн хурц болж байгаа билээ. Жнь зураг авалтын кран.) Ойртолт бол цэг, объект уруу дөхөж очих хөдөлгөөнт дүрс юм Ухралт гэж цэг объектоос ухрах хөдөлгөөнт дүрсийг хэлдэг
Эргэн тойрон зураглах панорам: Бол нэг цэг, нэг обьектоос эхлэн нөгөө цэгт төгссөн тасралтгүй хөдөлгөөнт дүрс юм.
Зураг авах цэг буюу ракурс: бол зураг авалтын обьектыг харах өнцгөөс, тухайлбал эгц  дээрээс, мөн эгц  доороос, эсвэл аль нэг талаас буландаж  авсан дүрсийг хэлнэ. 


1 comment:

  1. зураглаачийн тухай ойлголт багахан ч атугай ойлголтыг эндээс авлаа. Блог тань маш их таалагдлаа. Танд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

    ReplyDelete