11/29/11

Телевизийн үүсэл хөгжил


    Television гэдэг нь tele-алс, хол хэмээх утгатай грек үг, vision буюу үзэгдэх, харагдах гэсэн утгатай латин үгнээс гаралтай ажээ.
    “Дуу чимээ дагалдсан дүрсний хөдөлгөөнийг телевизийн станцаас электрон соронзонгийн тусламжтай дамжуулан телевизорын хүлээн авагчдад хүргэхийг телевиз гэнэ” хэмээн Уэбстерийн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба мэдээлэл харилцаа” тайлбар толь бичигт тодорхойлжээ.
    Телевизийн түүхийг кино урлагийн түүхээс салангид ойлгож болохгүй Францын Люмер овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд Америкийн зохион бүтээгч  Томас Альва Эдисоны 1847-1931 туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд “Галт тэрэг ирсэн нь”, “Ажилчид үйлдвэрээс гарч байна” хэмээн богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шавыг тавьсан билээ.
    1927 онд жүжигчин Джонсон “Хүлээгээрэй. Та нар бүгдийг үзэж чадсангүй шүү дээ”  анх удаа кино дэлгэцнээ анх удаа дугарсан ажээ.
     Үзэгч кино театрт биш, харин гэртээ нэвтрүүлэх танхимаас алсад сууж, жижигхэн дөрвөлжин хайрцгаар юм үзнэ гэдэг бас л гайхамшиг байлаа. Телевиз нь дуу дүрсний ололтыг өвлөж төржээ.
     Хүн төрөлхтөн анх телевиз гэдэг үгтэй танил болсноор эдүгээ 106 жил, телевизийн өргөн нэвтрүүлэг эхэлснээр дал шахам жил өнгөрчээ. Зураг дүрсийг долгионоор дамжуулах тухай олон эрдэмтэд эсрэг тэсрэг байр суурьтай байжээ. 1884 онд Германы эрдэмтэн Поп Нипковыг дүрсийг зайд дамжуулах анхны практик шийдлийг олсон гэж үздэг.
      1900оны 8-р сарын 25-нд Парис хотноо болсон Олон улсын цахилгаан холбооны  бага хурал, үзэсгэлэнгийн үеэр Константин Перский хэмээх эрдэмтэн “Television” гэдэг илтгэлийг тавьсан байна. Телевизийн техник технологийн хөгжилд Р.Розинг, В.Зворыкин, С.Свингтон, доктор М.Дикманн, Ж.Байрд, доктор А.Даувиллиэр зэрэг олон эрдэмтэн хувь нэмрээ оруулжээ.  1926 оны 10-р сард Японд анхны туршилтыг хийсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг юм байна. Тэд бие биеэсээ тусдаа дүрсийг алсад дамжуулах аргыг чанартай, боловсронгуй болгохын төлөө боловсруулж байжээ. Энэ нь тухайн үедээ том өрсөлдөөн тэмцэл байсан гэдэг. Питербургийн технологийн дээд сургуулийн профессор Б.Л.Розинг электрон цацрагийн вакумын төхөөрөмжийн тусламжтайгаар дүрсийг алсын зайд дамжуулах электрон телескоп зохион бүтээж 1907 оны 7-р сарын 25-нд анхныхаа туршилтыг хийжээ. Тэрээр 1911 онд чанарын шаардлага хангасан дүрс хүлээн авсан нь гэрэлтүүлсэн тор байсан байна.  Хожим   нь АНУ-д цагаачлан Орос, Англи, Герман түнштэй болж телевизийн техникийг боловсронгуй болгожээ.  Харин  тв-ийн тогтмол өргөн нэвтрүүлэг эхлэсэн тухай эх сурвалжид янз бүрээр тэмдэглэн бичсэн байдаг. 1935 оны 3-р сарын 22нд Германы шуудангийн газар Берлин хотоос нэвтрүүлэг дамжуулсан боловч дүрсний чанар нь муу байжээ. 1936 онд Берлин хотноо болсон Олимпийн 11-р их наадмыг телевизээр үзүүлсэн боловч дүрсний чанар бас л хангалтгүй байсан байна.
       1939 оны 4-р сарын 30-нд Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн яриаг дамжуулснаар АНУ-д телевизийн өргөн нэвтрүүлгийн нээлт болжээ.
      1959 оны 9-р сард Японы Тошиба корпорацийн ажилтан Норизаку Савасаки дүрс бичлэгийн төхөөрөмжийг нийтэд танилцуулжээ. Үүнээс хойш телевизийн техник улам боловсронгуй болж, үзэгчид урлагийн бүтээл, улс төр, нийгмийн үйл явдал, спортын тэмцээн, ер нь юм бүхнийг гэрээсээ үзэх болов. Хослол зураг /инкрустаци/, дүрс бичлэгийн кино, сансрын хиймэл дагуул, киноныхтой ижил том дэлгэц, компютер, CD-VCD-DVD, онлайн телевиз гэх мэтчлэн телевиз чухам л сансрын хурдаар хөгжиж байгаа билээ.
     Радио өргөн нэвтрүүлэг 1932онд Улаанбаатар, 1934 оноос орон даяар эхэлжээ. 1967 онд Монголын анхны телевиз “Монголын Зурагт Радио” нэртэйгээр байгуулав. Монголын зурагт радио 1967 оны 7-р сарын 1нд өргөн нэвтрүүлгийн туршилт хийж, Ардын Хувьсгалын 46 жилийн ойн баярын хурал, концертыг дамжуулсан байна.  1967 оны 9-р сарын 27-ны өдөр Монголын зурагт радио анх байгуулагдахад  “Мэдээллийн редакц“ нэртэй байгуулагдаж энэ өдөр хамгийн анхны бөгөөд эхний мэдээллийг 10 минутаар эфирт явуулснаар  өнөөдрийн Монголын Мэдээ  Агентлаг  буюу  “ММ” агентлагийн түүх эхэлсэн юм.
      Эхний үед нэвтрүүлгийг шууд  дамжуулан үзүүлдэг байв. 1960-аад оны дундаас дүрс бичлэгт шилжиж, 1970-аад оноос сансрын холбооны хиймэл дагуулын “Орбит” станц ашиглалтад орж, Зөвлөлтийн төв телевизийн нэвтрүүлэг үзэх боломж нээгдсэн юм.
      1976 онд  Монгол телевизийнхэн “Намын 17-р хурлын өмнөх Улаанбаатар” нэртэй анхны өнгөт нэвтрүүлгийг бэлтгэн үзүүлжээ. Монголын радио, телевизийн  шинэ төв 1989 оны 12-р сарын 18-нд ашиглалтад орж. 1991 оноос сансрын холбооны “Азиасат” системээр бүх орон даяар нэвтрүүлгээ цацах боломжтой болсон юм.
      1990 оны эхээс улс орон өрнөсөн нийгмийн өөрчлөлт манай улсад хувийн хэвшлийн   телевиз байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлсан билээ. Анхны хараат бус телевиз болох  “ чөлөөт телевиз” /захирал Ц.Төрмандах/ 1992 оны 4 –р сарын 25-нд “ Мэдээлэл,арилжааны чөлөөт суваг” /захирал Д.Гарам-Очир/ 1992 оны 5-р сарын 25-нд анхны нэвтрүүлгээ үзүүлжээ. 1992 онд хуучин Телекино үйлдвэрийн суурин дээр “Улаанбаатар” телевиз байгуулагдсан нь одоогын UBS суваг болон өргөжсөн юм.
     Өнөөгийн байдлаар /2009-2010/  үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг телевиз 14  Улаанбаатарын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг телевиз /суваг/ 26 орон нутгийн телевиз 55 үйл  ажиллагаагаа явуулж байна. Телевизийн   гайхамшиг үргэлжилсээр байна.

1 comment:

  1. Mundag yumma manai surguuliin bagsh lektsee tanii ene site s beldsen bnale tsaashid ulam goy bolgooroi < gandan buurahq shoo >

    ReplyDelete