12/4/11

Телевизийн нэвтрүүлгийн ангилал

 Телевизийн нэвтрүүлгийг өөрсдөө бэлтгэх, гаднаас худалдан авах нэвтрүүлэг гэж хоёр хуваадаг. Телевизийн бүтээл нь мэдээ, нэвтрүүлэг, кино, зар сурталчилгаанаас бүтдэг. Тухайн телевиз зах зээл дээр ялгарахын тулд телевизийнхээ нүүр царайг тодорхойлж, үзэгчдийн сэтгэлд хоногшуулна. Нэвтрүүлгийн эхлэл, холбоос, нэр, бичиглэл, хөгжим зэрэг нь үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Монголын болон бусад орны жишээг үндэслэн телевизийн нэвтрүүлгийг доорхи чиглэлээр ангилан үзэж болно гэж үзэж байна[1].
1.    Мэдээ, мэдээний хөтөлбөр : Улс орны, дэлхийн хэмжээний үйл явдал, үзэгдэл, улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар бэлтгэсэн мэдээ, мэдээний хөтөлбөр энд хамаарна. 1975 оны есдүгээр сард Монгол телевизийн программын захиргааны дарга байсан зохиолч, сэтгүүлч Ц. Нацагдоржийн удирдлага дор “Цаг үе, үйл явдал” нэвтрүүлгийг анх бэлтгэж, дамжуулснаар ярилцлага, тойм, сурвалжлага, тайлбар зэргийг багтаасан мэдээний цогц хөтөлбөрийн үндсийг тавьжээ. Монголын телевизийн мэдээний алба 1993 онд бие даасан агентлаг болж өргөжин, “Цагийн хүрд” мэдээний гол хөтөлбөр нь болсон байна. Монгол телевиз 1969 онд “Показывает Улан-Батор” нэртэй мэдээний нэвтрүүлгийг орос хэл дээр бэлтгэж эхэлсэн нь гадаад хэлний анхны анхны өргөн нэвтрүүлэг гэж хэлж болно.
2.    Мэдээллийн хөтөлбөр : Эрүүл мэнд, бизнес, урлаг, спорт зэрэг тодорхой салбар чиглэлээр бэлтгэн дамжуулдаг мэдээллийн хөтөлбөр,  теле сэтгүүл зэргийг багтаан ойлгож болно. Мөн телевизийн өглөө, үд, үдшийн хөтөлбөрийг хамруулж болно. 
3.      Нийгмийн нэвтрүүлэг, хөтөлбөр : Олон нийт, нийгмийн олон талт асуудлыг улс төрч, олон нийтийн анхааралд төвлөрүүлдэг яриа, мэтгэлцээн, ярилцлага, ток шоу, теле нийтлэл, баримтат кино зэрэг янз бүрийн төрөл зүйлээр бэлтгэгдсэн нэвтрүүлгүүдийг энэ ангилалд хамруулж болно. Мөн нийгмийн аль нэг асуудлыг тусгайлан сонгож, түүнд дүгнэлт хийж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилго бүхий шинжилэлт нэвтрүүлгийг энэ чиглэлд хамруулан үзэх нь зүйтэй юм.
4.      Шашны чиглэлийн нэвтрүүлэг хөтөлбөр : Шашны номлол, сургаал, мөн чанарыг сурталчилсан, таниулсан янз бүрийн төрөл зүйлийн нэвтрүүлгүүдийг хамруулна.
5.    Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг хөтөлбөр : Хүүхдэд зориулсан бүх төрлийн нэвтрүүлэг, тавилттай тоглолттой үзүүлбэр, жүжиг, уран сайхны кино, хүүхэлдэйн кино энд багтана.
6.    Спортын нэвтрүүлэг, сурвалжлага : Спортын уралдаан, тэмцээн, нэрт тамирчдын тухай хөрөг нэвтрүүлэг зэрэг хамрагдана. Спортын мэдээллийн хөтөлбөрийг мэдээллийн тусгай хөтөлбөрийн ангилалд ч хамааруулан авч үзэж болно.
7.    Зугаа цэнгэлийн нэвтрүүлэг, хөтөлбөр : Бүх төрлийн уралдаант нэвтрүүлэг, уран сайхны цэнгээнт, хөгжөөнт, хошин, үзүүлбэр багтана. Уралдаант цэнгээнт нэвтрүүлэг нь үзэгчдэд мэдлэг олгох, танин мэдүүлэх зорилго агуулдаг. Энэ утгаар нь боловсролын чиглэлийн нэвтрүүлэг гэж үзэж болох ч зугаацуулан цэнгээх, хөгжөөн амраах чанар нь давамгайлсан учир яахын аргагүй зугаа цэнгэлийн нэвтрүүлэг юм.
8.    Хөгжмийн нэвтрүүлэг, хөтөлбөр : Энэ ангилалд концерт, клип, ардын сонгодог, рок, поп гээд хөгжмийн бүхий л төрлийн мөн хөгжимтэй холбоотой нэвтрүүлэг хөтөлбөр багтана.
9.    Боловсрол (сургалт)-ын нэвтрүүлэг, хөтөлбөр : Үүнд улс төр, эдийн засаг, нийгэм, иргэний боловсрол, аж төрөх ухаан, хууль эрх зүй бусад тодорхой шинжилэх ухааны хичээл төрөл бүрийн зөвлөгөө багтана. Телевизээр шууд хичээл заах, лекц унших, телевизийн аргыг ашиглан шинжилэх ухааны хялбаршуулсан баримтат кино, хүүхэлдэйн, уран сайхны кино туурвих зэргээр сургалт явуулах хэлбэр, чиглэл олон байна.
10.  Дэлгэцийн уран сайхны кино : Уран сайхны кино манай телевизүүдийн багагүй цагийг эзэлж байна. “Ардын элч” бол хамгийн анх удаа Монгол телевизийн дэлгэцээр гарсан уран сайхны кино юм.
Энэ мэтчилэн телевизийн нэвтрүүлгийг ангилан үзсэн байна.


[1] Наранжаргал Х. Телевизийн сэтгүүл зүй. УБ., 2006

No comments:

Post a Comment