12/4/11

Телевизийн сэтгүүлчийн онцлог

Сэтгүүлч бол эртний мэргэжил. Харин телевизийн буюу дэлгэцийн сэтгүүлч гэдэг бол харьцангуй шинэ, өвөрмөц мэргэжил юм[1]. Телевизийн сэтгүүлчийн онцлогийг 3 зүйлээр тодорхойлж болно.
Нэгдүгээрт : Телевизийн сэтгүүлчийн үг хүнд шууд бус, харин мэдээллийг хүргэх тодорхой аргаар дамжин хүрдэг.
  Хоёрдугаарт : Үзэгчдийн сэтгэл зүйн байдал нөлөөлнө. Телевизийн сэтгүүл зүй орон зай цаг хугацааны саадыг багасгах, товчлох арга замыг эрэлхийлдэг.
Гуравдугаарт : Телевизийн сэтгүүлч дамжуулж буй мэдээллийнхээ үнэн бодитойд өөрөө итгэсэн байх ёстой. Үүнийг сэтгүүлчийн ярианы өнгө, хэмнэл зэргээр эрч хүчээр ч орлуулах  боломжгүй юм.
            Сэтгүүлч телевизэд зохиогч, редактор, сурвалжилагч, тайлбарлагч, тоймч, хөтлөгчөөр ажилладаг. Телевизийн сэтгүүлчийн тухайн ажил бүр өөрийн онцлогтой.
Зохиогч : Телевизэд нийлэг урлагийн бүтээл туурвигчийн хувьд зохиогч нь телевизийн зохиолын зохиогч, тайлбарын зохиогч, хөгжмийн зохиолч, найруулагч – зохиогч байж болно.
Редактор : Телевизэд редактор нэвтрүүлэг гаргагчийн үүрэг гүйцэтгэнэ. Редактор тухайн нэвтрүүлгийн бодлого агуулгыг тодорхойлж, зохиол, тайлбарыг телевизийн онцлогт тохируулан нягтлан шүүж, нэвтрүүлгийн эцсийн үр дүнгийн төлөө хариуцлага хүлээдэг.
Сурвалжилагч : Телевизийн сурвалжилагч үйл явдлын талбараас мэдээлэл цуглуулж, боловсруулан бэлэн болгох үүрэгтэй.
Тайлбарлагч : Телевизийн тайлбарлагч дотоод, гадаад үйл явдал, урлаг, спорт, хөгжим, улс төр, нийгмийн асуудлаар бэлтгэж хөтөлдөг.
Тоймч : Телевизийн тоймч дотоод, гадаад үйл явдлыг тоймлон хүргэхээс гадна асуудалд илүү өргөн хүрээний задлан шинжилгээ хийж, нэвтрүүлгийг хөтлөн удирдана. Тоймчийг сурвалжилагч, тайлбарлагчтай харьцуулахад үзэл бодлоо түлхүү илэрхийлж болно гэж үздэг.
Хөтлөгч : Телевизийн хөтлөгч тухайн нэвтрүүлгийг өдөөх, хөгжөөх, задлах үүрэгтэйгээр нэвтрүүлгийг удирдан хөтөлнө. Хөтлөгч нэвтрүүлэгт ярилцлага авагч, заримдаа тоймч, тайлбарлагчийн үүрэг хүлээх ч тохиолдол бий. Харин цэнгээнт, хөгжөөнт уралдаант нэвтрүүлгийн хөтлөгчид сэтгүүлч гэхээсээ илүүтэй урлагийн мэргэжилтэн жүжигчин байдаг.  
            Телевизийн сэтгүүлчидэд тодорхой шаардлага тавигдана. Үүнд :
-       Сайн бичих. Өөрөөр хэлбэл, сонины сэтгүүлчийн чадвар эзэмшсэн байх ёстой.
-       Ярианы чадвар эзэмшсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, радиогийн сэтгүүлчийн чадвар эзэмшсэн байх ёстой.
-       Дэлгэцийн өмнө биеэ зөв авч явах чадвар эзэмшсэн байвал зохино. 
Үүний зэрэгцээ телевизийн онцлогийн тухай сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ нь камертай ажиллах, дүрстэй ажиллах чадвар гэх мэт олон зүйлийг шаарддаг.  Нэг үгээр хэлэхэд телевизийн сэтгүүлч “бичих+дуу+дүрс”-ийн нийлэг нэгдэл телевизийн сэтгүүлчийг дэлгэц дээр хэрэгтэй хүн болгоно. Телевизийн сэтгүүлч юугаараа онцлог юм бэ? Нэгдүгээрт,  Телевизийн сэтгүүлчийн ажилладаг орчин өвөрмөц юм. Хоёрт, телевизийн аливаа уран бүтээл нь мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн урлагийн  мэргэжлийн урлагийн нийлэг шинжийг агуулсан байдаг. Гуравт, уран бүтээлээ зориулан хийдэг үзэгчид нь өвөрмөц, эцэст нь телевизийн сэтгүүлч уран бүтээлч хамт олны гишүүн байдаг. Эдгээр онцлог нь хоорондоо уялдаатай учир телевизийн сэтгүүлчээс өвөрмөц арга барил шаарддаг байна. Телевизийн сэтгүүлч болохын тулд дараах зөвлөмжийг санаж явна уу.
-       Үзэгчийг өөртөө татахын тулд боломжтой бүхнийг хий. Авьяас чадвар, овсгоо авхаалжаа ашигла.
-        Үзэгчийг, харилцан ярилцагчаа өөртөө итгүүл. Үзэгчийн итгэлийг хүлээхгүй бол дэлгэцнээ гарах хэрэггүй.
-       Тухайн асуудлаар бүрэн төгс мэдэхгүй ч, мэдрэмжтэй хий.
-       Цаг ямагт сонирхолтой бай.
-       Нэвтрүүлгийн гол баатар хэн бэ? Гэдгийг ямагт санаж байх.
-       Соёлтой боловсон бай. Үзэгчдийг, өөрийгөө хүндэтгэ. Хэлж ярьж буй зүйлээс чинь илүү үзэгчийн анхаарлыг татахуйц бүдүүлэг үг хэллэг, элдэв чамин хөдөлгөөн, марзан хувцаснаас зайлсхий.
-       Бусдыг анхааралтай сонсож сур.
-       Үзэгчийн сэтгэл зүйг мэдэрч бай.
-       Ажигч бас сониучхан бай.
-       Хүнд байдлаас түргэн хугацаанд эвтэйхэн гарах чадвар эзэмш.
-       Мэргэжлээ чадварлаг эзэмш.


[1] Наранжаргал Х. Телевизийн сэтгүүл зүй. УБ., 2006

No comments:

Post a Comment